Ном уншигчууд хямдарсныг тохиолдуулан тэдний тухай бичихдээ өөрийн сэтгэгдлээ хавсаргах нь
9:38 PM

Sony PRS-505 ном уншигч
Хэд хоногийн өмнө Barnes & Noble-ийнхон "Nook" гэгч ном уншигчаа 199$ болгож хямдруулангаа, 149$-ын арай хямд загварын уншигч бас худалдаанд гаргаад өрсөлдөгчдөө буулган авах гэж оролдов.  Нөгөөдүүл нь харин мөчөөгөө өгөлгүй, Amazon-ынхон алдарт Kindle-ээ (259$ байсныг) 189$   болгосон бол Sony-ийнхон хоёр янзын ном уншигчуудаа хямдруулаад харгалзан 169$*, 149$* болголоо. Өрсөлдөөний ачаар хэрэглэгч хожсон жишээ энд ёстой яруу тод харагдаж байна.
  Ийнхүү хямдрах ном уншигчуудыг авах сонирхолтой хүмүүс ихсэнэ гэж бодоод, Монголд зарим нэг нь зарагдаж эхэлснийг нь харгалзан, бас ном уншигч гэж их хэрэгтэй эд байдгийг аль болох олон хүнд таниулахын тулд өөрийнхөө ном уншигч хэрэглэсэн жил гармын сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо. Sony-ийн PRS-505 гэдэг ном уншигч дээрээ би тавиад ном (бүгд үнэгүй!) уншаад байгаа бөгөөд одоо бол амьдралаа түүнгүйгээр төсөөлж ч чадахааргүй болжээ. Урьдны нийтлэл дээрээ бичсэнчлэн SAT-н Шүүмлжэн Унших хэсэгт баахан ном уншиж бэлдэхдээ уншигчийнхаа ачаар л дуртай номоо интернэтээс сонгож авч уншиж байлаа.
  • E-ink буюу Э-бэх
Kindle-ийн үсгийн хэмжээний сонголт
   Ном уншигч гэж юу байдгийг анх сонсчихоод дээр нь зөвхөн ном л уншиж болдог юм байж яасан үнэтэй юм гэж бодох нь хүмүүсийн дунд элбэг. Компьютер, iPhone эсвэл iPad дээрээ ном уншаад болж байхад юунд хэрэгтэй юм гээд л. Тэгвэл сая дурьдсан бүх төхөөрөмжүүдийн дэлгэц нь гэрэл цацруулдаг тул нүдэнд их ачаалал өгдөг, удаан харж суун ном уншихад тохиромжгүй байдаг. Харин ном уншигчуудад ашиглагддаг E-ink буюу электрон бэх гэдэг технологи нь ердийн электрон төхөөрөмжийн дэлгэц шиг гэрэл цацруулдаггүй тул нүдэнд огт хоргүйн дээр үүсгэх дүрс нь хэвлэгдсэн сонингийн хуудас шиг л харагддаг юм. Тэгэхээр ном уншигч нь компьютер дээрээ олон цаг сууж юм уншдаг, эсвэл юм унших гэж байнга материалаа цаасан дээр хэвлэдэг хүмүүст их амар байна.
  • Багтаамж
   Электрон ном ойролцоогоор 500KB-1MB-ийн хэмжээтэй байхад ихэнх ном уншигчууд дор хаяж 500MB гарам багтаамжтай байдаг. Ер нь уншъя гэж бодсон бүх номоо дуртай газраа аваад явчиж  болно гэсэн үг. Гэрийнхээ номын санг тэр чигээр нь халаасандаа хийгээд авч явж болно гээд ном уншигчийг сурталчлаад байдгийн учир тэр.
17 сэтгэгдэлтэй

Америкийн шилдэг дээд сургуулиудад apply хийх буюу элсэх өргөдлөө явуулах нь; Үндсэн мэдэгдэхүүн
11:16 AM

Harvard Yard-ын ойролцоох оюутны байрнууд
   Энэхүү нийтлэлийг Америкт сурна гээд шийдчихсэн юм уу сурах талаар эргэцүүлэн бодож байгаа боловч яаж сургуульдаа орохоо сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулж байна. Америкийн сургуулиудын элсэлтийн талаар, мөн тэтгэлэг хэрхэн олох тухай ерөнхий ойлголттой болох гэсэн хэн бүхэнд ч бас сонирхолтой байх байх аа. 
   Америк дахь сургуулиудын элсэлтийн гол онцлог нь хүүхдүүдээ сонгон авах шалгаруулалтых нь бүхэлчилсэн (holistic) шинж чанарт оршино. Энэ нь шалгаруулалтанд аливаа нэг үзүүлэлт - тестийн  оноо, дүн, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ярицлага г.м. - дангаараа хүүхдийг элсүүлэх эсэхийг шийддэггүй, харин бүх үзүүлэлтүүд нэгдэж байгаад хүүхдийн хувь заяаг тодорхойлдог гэсэн үг юм. Тэгэхээр дан ганц "тасархай" тестийн оноо юм уу, сургуульдаа авч байсан онцууд шилдэг сургуульд ороход хангалтгүй байх нь ээ. 
  Үүнээс гадна, Америкийн их дээд сургуулиуд гадаад дотоодын хүүхдүүдэд сурагчийн санхүүгийн байдлаас хамааран тэтгэлэг өгдгөөрөө бусад орнуудын сургуулиудаас ялгаатай. Гадаадын сурагчдад тэтгэлэг олдох нь дотоодын хүүхдүүдэд олдохоос хавигүй хэцүү боловч үнэхээр чадалтай, сайн хүүхдэд бол мөнгөний асуудал бараг огт гарахгүй гэж хэлж болно. Жишээлбэл Америкийн хэд хэдэн сургуульд жилийн 60 000$-оос бага өрхийн орлоготой айлын хүүхэд тэнцчих л юм бол бүх зардлыг нь (сургалтын төлбөр, байр хоолны мөнгө, онгоцны билетний үнэ) сургууль нь даадаг жишиг бий. Цөөнгүй Монгол сурагчид ийнхүү тэтгэлэг аваад Америкт сурч байна.

 Одоо сургуулиуд голчлон ямар үзүүлэлтүүд дээр тулгуурлан элсүүлэх хүүхдүүдээ сонгодгийг тайлбарлаад тэтгэлэг хэрхэн олох талаар бичих болно.
58 сэтгэгдэлтэй

SAT-д бэлдэх нь: Шүүмжлэн Унших буюу Critical Reading-д бэлдэх талаар, Цуврал 1
7:24 PM


SAT-ын Critical Reading-н хэсгийн талаар бичихээсээ өмнө "Critical Reading" гэснийг "Шүүмжлэн Унших" хэмээн орчуулах болсныхоо учрыг тайлбарлая гэж бодлоо. Монголчууд бид ихэнхдээ "шүүмжилнэ" гэдгийг ямарваа нэг юмыг "муулж, доош нь хийх" гэсэн утгатай холбодог. Уг нь энэ үгний язгуурыг үзвэл шүүмжилнэ гэдэг маань юмыг шүүж тунгаасны дараа хийдэг зүйл гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр SAT-ын Critical Reading дээр юм уншаад муулаад байх биш, харин сэтгээд бодоод байх хэрэг гарах нь ээ.
 За ингээд эхэлье. Шүүмжлэн Унших (цаашид зүгээр л "унших хэсэг" гэх) хэсэг нь SAT шалгалтын 10-н хэсгийн 3-т нь (хаяа 4-т нь) нийт 67 (эхүүд дээр тулгуурласан 48, өгүүлбэр нөхөх 19) асуулттайгаар орж ирж шалгуулагчдыг зовоодог. Хоёр ширхэг 25 минутын, 1 ширхэг 20 минутын хэсгүүдтэй; хамгийн багадаа 200, хамгийн ихдээ 800 оноо авах боломжтой байна. Унших хэсгийг CollegeBoard энгийн нэг Америк хүүхэд 500 орчим оноо авахаар зохион бүтээсний дээр унаган Англи хэлтэй хүмүүст тааруулсан учраас гадаад хүүхдүүд ихэнхдээ энэ хэсгээс хамгийн их эмээдэг, дээр нь бүдэрдэг.
 Гүүгэлдэхээр унших хэсэгт бэлдэх зөндөө арга чарга, уран мэхүүд гараад ирж байгаа. Би өөрөө тэдгээрийг нь хэрэглээгүй, хүртээлтэй эсэхийг нь мэдэхгүй болохоор тэд нарын талаар бичээд яахав; өөрөө бэлтгэлээ хэрхэн базаасан талаараа л бичье гэж бодлоо. Унших хэсэг дээр би эхний удаад нэг их бэлдэлгүй 700, хоёр дахь удаадаа хэрээрээ бэлдээд оноогоо 90-ээр ахиулж 790 болгосон билээ.
 Эхний ородлогынхоо (2009 оны 6 сард) өмнө би Англи ном төдий уншаагүй (бараг зөвхөн Харри Поттэр, Бөгжний Эзэн-ийн цувралуудыг л байх), үгсийн сангийн үгнүүдээ бас нээх сайн цээжлээгүй орж байжээ. Barron's-н номны ард байдаг 200 жижиг шар карт; бас интернэтээс олдсон, сайн нь юм гэсэн Rocket Review, Hit Parade гэх хоёр үгсийн жагсаалтуудыг хүнд үгнүүдээ цээжлэхэд ашиглаж байв. Саяны хоёр жагсаалтаас мэдэхгүй үгээ бүгдийг нь түүж, өдөржин сууж байгаад нэмж хоёр зуугаад карт хэвлэж хайчилж бэлдээд ашиглаж билээ. Хийсэн картнуудаа сарын туршид үе үе гүйлгэж хараад, ягштал тогтоосон үгтэй картуудаа тогтоох үгсийнхээ дундаас гаргаад тавьдаг байв. Явсаар явсаар ямар ч байсан картнууд дуусч хэдэн зуун үгээ олон сар бага багаар цааш нь харуулсаар цээжилсэн дээ. Картаар цээжилсэн нь энгийн жагсаалтаас харж юм тогтоож чадахгүйгээ анх хэдэн удаа туршиж үзээд мэдснийх юм. Ингэж хэдэн үгтэй ноцолдсны хүчинд шалгалтын өдөр цээжилсэн үг хаяа нэг харагдаж нүдийг минь баясгасан боловч бас л мэдэхгүй үг хаа сайгүй байх нь тэр ээ. Мэдэхгүй үгнүүдтэйгээ бөөн бөөнөөр нь уулзахдаа өчнөөн юм олон сарын туршид цээжлээд байхад бас ингэх ч гэж дээ гээд л өөртөө гомдонгуй бухимдаж суув.
 Юм уншдаггүй, хаяа нэг New York Times хагас дутуу гүйлгэдэг байсан юм болохороо эхүүд дээр тулгуурласан асуултууд бас л хүндхэн цохилт надад өгч байлаа. Зарим нэг эхийг сайн ойлгоод, заримдаа юу гээд бичсэнийг төдий гадарлах ч үгүй гүйлгээд л явна. Бас ойлгосон юм шиг санагдаад явангуут асуултууд дээр нь ирээд "Ийм юм бичсэн байлуу?" гээд эргээд харна. Анхны удаад SAT ер нь ихэнх хүмүүст нэг иймэрхүү сэтгэгдэл төрүүлдэг биз ээ.
 Хэдий хүнд хэцүү санагдаад, зөндөө алдснаа мэдэж байсан ч "ганц шалгалтанд бууж өгөхгүй" гэж бодсоор шалгалтын ангиас гараад ирж байж байснаа санаж байна. Ер нь шалгалтанд хэзээ ч бууж өгч байгаагүй болохоор бас шар хөдлөөд заавал оноогоо ахиулна гэсэн зорилго урдаа тавив. Энэ зорилгондоо ч хүрсэн, одоо эргээд харахад сайхан юм. Яаж хүрснийг нь одоо бичье.
31 сэтгэгдэлтэй

Шалгалтын эргэн тойронд
5:02 AM

Элсэлтийн шалгалтын асуудлуудтай холбоотой дараах нийтлэлүүд интернэт дээр тавигджээ.

-News.mn, 6-р сарын 14, 2010
-ТВ9, 6-р сарын 14, 2010
-Sonin.mn дээрх "Улаанбаатар Таймс" сонины нийтлэл, 6-р сарын 15, 2010

Мөн өнгөрсөн жилийн Англи хэлний элсэлтийн шалгалтын материал дахь алдаануудын талаар энд бичиж байжээ.
-Olloo.mn, 7-р сарын 2, 2009
2 сэтгэгдэлтэй

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын алдаа мадгууд
3:18 AM

Саяны хэдэн өнгөрөгч хоногуудад 40-өөд мянган шалгуулагчид Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгч бужигналдан ямар дээд сургуульд орохоо Боловсролын Үнэлгээний Төвөөр шийдүүлэх гэв. Тестийн арга нь их дээд сургуульд элсэгчдийг шалгаруулан авах барьцтай болоод түгээмэл арга боловч, шалгуулагчдын мэдлэгийг хэр үнэн зөвөөр шалгадаг нь олон улс даяар маргаантай асуудал байсаар ирсэн. Гадаад улс орнуудад эрдэмтэд тестийн асуултуудад өндөр шаардлага тавин, тэдгээрийгээ шинжлэх ухааны аргаар боловсруулаад байхад маргаан гардаг бол хичээл бүрийн шалгалтаас нь алдаанууд ундраад гараад байдаг Монголын элсэлтийн шалгалтыг бид юу гэх вэ? Алдаатай асуултуудаар бялхах энэ хэдэн цаас Монголын олон мянган төгсөгч хүүхдүүдийн ирээдүйг шийдэх эрхтэй юу?

Бусад хичээлүүдтэй харьцуулахад арай гайгүй мэддэг юм гэсэндээ Англи хэлний хичээлийн шалгалтыг, надад таарсан нь юм болохоор "С" вариантыг нь, толь бичиг, нэвтэрхий толиуд барьж байгаад нягталж үзэх гэж оролдов. Үүний үндсэн дээр долоон зүйлийн, нийт 22 онооны (шалгалт нь нийт 100 оноотой) жинтэй даалгаврыг алдаатай буюу зохимжгүй гэж үзэж болохоор байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Эдгээрээс хамгийн ноцтой алдаа нь шалгалтын сүүлийн ажил буюу жил бүр уламжлал болон ирдэг "графиктай" даалгавар дээр байна. Энд хүүхдүүд график дээрх мэдээлэлтэй танилцаад доор нь байгаа асуултуудад хариулах ёстой байдаг. Харамсалтай нь шалгалтыг зохиогч эрдэмтэн мэргэд маань шалгалтаа хар цагаан принтэрээр хэвлэдгээ мартсан бололтой юм. График дээрх бүх өгөгдлүүд нэг ижил саарал өнгөөр хэвлэгдчихсэн учраас энэхүү 10 онооны үнэ цэнэтэй чухал даалгавар ёстой л нэг "будаа" болж байна. Гэхдээ хүүхдүүд бид бас мөчөөгөө шууд өгсөнгүй; өгөгдсөн асуултууд, боломжит хариултуудыг нь ашиглан өнгөгүй графикаас өнгө гаргаж ирэхэд оюунаа дайчилсан. Бас бүтдэггүй шүү, яаж ч бодсон л зарим асуулт нь саарал графиктай таараад зарим нь таарахгүй байна. Эцэст нь шалгалт зохиогчдын бодлыг унших гэж оролдоод даалгаврыг орхив.

Ийнхүү шалгалт зохиогчдод итгэл алдарсан би шалгалтын бусад даалгавруудад хатуу сэтгэлээр хандаж, хөөрхийсүүд рүү хүйтэн харц хаялах боллоо. Бас болоогүй байжээ, энд тэндээс царай муутай алдаанууд, хоёр хариутай, эсвэл огт зөв хариугүй тахир дутуу асуултууд ярзайж байна. Эдгээрт хариулахдаа бас бүтээсэн хүмүүстэй нь телепатик аргаар холбогдох гэж оролдоод хариултын хуудсан дээрээ алсаас тархинд минь ирсэн хариугаа "буудаж" будаж тавилаа.

Англи хэлний "С" вариантаар Англи хэлний мэдлэгээ (бас шалгалт зохиогчдын бодлыг унших чадвараа) шалгуулсан миний сэтгэгдэл нэг ийм байна. Алдаатай гэж үзсэн асуултуудаа би нотолгоо, баримт юутай нь бүрдүүлээд БҮТ-д өгсөн байгаа. Миний бүрдүүлж өгсөн өргөдөлөрхүү гомдолтой танилцмаар байвал энд дараад татаад авч болно. БҮТ гомдолд минь хэр хурдан хариулахаас шалтгаалаад энэ блог дээрээ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар аль болохоор хурдан бичих болно.

PS. Өөр бусад хичээлийн материалууд дээр алдаа олсондоо өөртөө бүрэн итгэлтэй байгаа бол багш нартайгаа зөвлөлдөж байгаад гомдол бичээрэй. Элсэлтийн энэ шалгалтуудаас олон мянган хүүхдийн хувь заяа хамаарч байгаа билээ.

11 сэтгэгдэлтэй

...Оршил, бараг л
4:08 PM

Заа нэг блог нээх шив дээ. Хэд хэдэн хүний хүсэлт дэмжлэгийн дагуу, бас өөрийнхөө бусдад туслах гэсэн (:P) удаан өвөртөлж явсан санааны үрд блогоо нээв. Одоогоор энэ тэмдэглэлийн ирээдүйн ихэнх бичлэгүүдийг Америкийн дээд сургуулиудын элсэлтийн талаар бичихэд зориулахаар төлөвлөж байна. Гэхдээ жинхнээсээ цаашид юуны талаар бичих юм бүү мэд. Ер нь над шиг сонирхлоо байнга сольж байдаг хүн энэ блогоо удаан хөтөлж чадах эсэх нь сонирхолтой л байгаа юм.
Анхны бичлэг юм хойно бас өөрийгөө танилцуулах бодол миний тархинд (гэнэт!) зурвас хийлээ. Миний нэрийг тэр дээр бичсэн байгаа. Би бас сая Улаанбаатар хотын Хобби сургуулиас гэрчилгээгээ гардаж аваад төгссөн. Үүнээс миний нас ойлгомжтой болсон байх. Болоогүй ч байсан миний нас хэнд ч хамаа байхав дээ, хаха. Гол нь өнгөрсөн 1,5 жилийн туршид Америкийн коллежид орох гэж миний бойтоглосон, тэгээд хөдөлмөр, зөндөө их аз завшаан хоёрын ивээлээр амжилтанд хүрсэн явдал юм уу даа. Одоо би цагтаа өөрийнхөө мөрөөдөөд л явж байсан Харвардад бүрэн тэтгэлэгтэйгээр (тэгтгэлэг ч яг биш л дээ; хэлэгдээд хэвшигдсэн болохоор нь ингэж бичив.) намар очиж сурах гээд бэлтгэлээ базаагаад байж байна.
Америкийн сургуулиудад өргөдөл бүрдүүлж бөглөхөд мэдэхгүй чадахгүй юм зөндөө их тулгардаг, Монголоос болохоор асуух юм гардаг, зөвлөлгөө авмаар юм их тулгардаг болохоор эдний ард гарсан юм хойно "хойч үеийнхэн"-дээ тусалъя гэж бодсон юм. Тэгэхээр ойрын ирээдүйд SAT-д бэлдэх талаар, коллежийн эсээ бичих талаар бичиж таарах байх. Өөр юмны тухай бас бичүүлмээр байвал мэйл бичиж болно шүү. За, удахгүй SAT-н зөвлөлгөө өгөх хичээл дээр уулзана гээд найдлаа.
14 сэтгэгдэлтэй