Өргөдлөө бэлдэж явуулах хугацаа болон бүрдүүлэх материалуудын хураангуй
1:47 AM

"Waiting for the Acceptance Letter", Жон Кийган
   Сүүлийн хэдэн өдөр ирсэн асуултуудын дагуу, сургуулиудад хэзээ өргөдлөө явуулж, ямар материалууд бүрдүүлэх ёстойг ойлгоход хялбар, олоход амар болгох зорилгоор энэ бичлэгийг бичлээ. Доор бичсэн хугацаанууд болон шаардлагууд ерөнхийлөн бичсэн мэдээлэл болохыг анхааран сургууль бүрийн албан ёсны мэдээллийг нь вебсайтуудаас нь аваарай.
  • 1-р сар
Ном уншиж Англи хэлээ сайжруулахыг бол аль эртнээс л хийвэл сайн ч гэсэн 5 юмуу 6-р сард SAT өгөх гэж байгаа бол энэ үеэс л эхлэн бэлдэж эхэлсэн байх хэрэгтэй.
  • 2-4-р сар
Шалгалтандаа бэлдэнэ.
  • 5-р сар
SAT өгнө.
  • 6-8-р сар
6-р сард SAT өгч болно. Амрахынхаа хажуугаар Англи хэлээ сайжруулж SAT-ынхаа оноог ахиулмаар байвал үргэлжлүүлэн бэлдэнэ. Ном сайн унших хэрэгтэй. 
  • 9-р сар
Үргэлжлүүлнэ. Эсээнийхээ тухай бодож эхэлнэ. Өргөдлөө энэ үеээс эхлэн явуулж болдог. Хэрвээ бүх зүйл чинь бэлэн болсон бол 9-н сард ч бүх юмаа бүрдүүлээд явуулчиж болно.
  • 10-11-р сар
SAT дахин өгч болно. Эсээгээ бичээд өргөдлөө бөглөнө. Багш нараасаа тодорхойлолтууд авна.
  • 12-р сар
SAT өгч болно. Бэлэн болгосон өргөдлөө онлайнаар 31-нээс өмнө явуулна. Хагас жилийн дүнгүүд, SAT болон TOEFL-н оноонуудаа онлайнаар явуулна.
  • 1-2-р сар
Зарим сургуулиуд 1-р сард өгсөн SAT-н оноог хүлээж авдаг болохоор 1-р сард SAT өгч болно. Financial Aid буюу тэтгэлгийн өргөдлүүдээ бөглөж явуулна. Зарим сургуулиудад ярилцлага өгч магадгүй.
  • 3-4-р сар
Сургуулиудаас хариунуудаа сонсоно.
  • 5-р сар
Сургуулиа сонгоод хариугаа хэлнэ. Америкийн визний өргөдлөө өгнө.
  • 8-9-р сар
Их сургуулийн хичээл эхэлнэ.

Common App-г нэг удаа бөглөөд хэчнээн ч сургуульд явуулж болно.
 Дээрх жагсаалтад SAT Subject Test болон TOEFL-г оруулаагүй болохыг анхаарна уу. Хэрвээ сургууль чинь шаардаж байвал 2 SAT Subject Test-ийг SAT авдаг саруудын аль нэгэнд нь өгөх хэрэгтэй. TOEFL-г сар бүр хэд хэдэн удаа авдаг учраас бэлдэж байгаад бэлэн болсон үедээ өгч болно. Мэдээж энэ бүгдийн хажуугаар хичээлээс гадуур өөрийн сонирхолтой зүйлээ хийж байх хэрэгтэй. Хэрвээ дунд сургуулиа төгсөөд шууд Америк явахаар төлөвлөж байгаа бол төгсөх жилийнхээ өмнөх жилээс бэлдэж эхлээд төгсөх жилийнхээ дундуур өргөдлөө явуулж дуусах юм. Хэрвээ дээрх хугацаануудаас хоцорсон бол төгсөөд нэг жил Монголын их сургуульд сурахынхаа хажуугаар өргөдлөө бэлдээд явуулж болно.  

Бүрдүүлэх материалын хураангүй:
  • Өргөдөл (Ихэнх сургуулиуд руу Common Application-оор өргөдлөө явуулж болно)
  • Өргөдлийн хураамж, эсвэл хураамжаас чөлөөлж өгөхийг хүссэн бичиг
  • SAT* TOEFL-н оноо. Шаардаж байвал SAT Subject Test өгнө.
  • Хичээлийн явцын дүн
  • Багш нарын тодорхойлолт
  • Эдгээрийг бүгдийг нь явуулсан хойноо Financial Aid-ын материалууд бөглөнө
*SAT-н оронд бас ACT гэдэг шалгалт өгч болно. ACT нь SAT-аас арай өөр. Төлбөрийн хувьд ижил. Зарим хүүхдүүдэд ACT илүү амархан санагддаг. SAT-г International School of Ulaanbaatar дээр авдаг бол ACT-г American School of Ulaanbaatar дээр авдаг. Шалгалтандаа сар гармын өмнөөс онлайнаар бүртгүүлдгийг анхаарна уу. Эртнээс бүртгүүлэхгүй бол шалгалтын суудал дүүрчихдэг.


26 сэтгэгдэлтэй

Америкад баклаврын зэргээ авахын учир буюу Liberal Arts боловсрол гэж юу вэ?
1:53 AM

     Яагаад заавал Америкад сурах болов гэж асуухаар ихэнх хүмүүс дэлхийд тэргүүлэх боловсролыг олгодог болохоор нь гэж хариулдаг. Энэ нь хэдий үнэн ч  (дэлхийн эхний 15-д жагсдаг сургуулиудын 11 нь Америкад байна) баклаврын зэргээ Америкад авахын өөр шалтгаанууд бас бий. 
Дундад зууны үеийн Европийн Liberal Arts
     Ихэнх сургууль нь жилийн жаран сая гаруй төгрөгийн төлбөртэй тул тэтгэлэг сайн өгдөг нь мэдээж чухал. Харин Америкийн олон коллежууд Liberal Arts боловсрол олгодог нь миний хувьд Америкад сурах шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлсэн.
    Онол талаас нь тайлбарлавал Liberal Arts боловсрол гэдэг нь нарийн мэргэжлийн тусгай мэдлэгээс илүүтэй, өргөн цар хүрээний мэдлэгийг олгох, шүүмжлэн сэтгэх, оюуны чадварыг хөгжүүлэхийг голчилдог боловсрол юм.
        Практик талаасаа Liberal Arts коллеж-д очоод сурч байгаа оюутанд Liberal Arts нь мэргэжлээ жил гаруй сонгох албагүйгээр олон төрлийн хичээл үзэж дуртай чиглэлээ сонгох боломжийг олгодгоороо давуу талтай. Дөнгөж арван жилээ төгсөөд байгаа хүүхдэд насан туршдаа хөөх мэргэжлээ сонгоно гэдэг ихэнхдээ л хэтэрхий ахадсан шийдвэр байдаг. Америкийн коллежүүд ч энийг ойлгодог болохоор элсэгчдээсээ ямар нэгэн мэргэжил сонгосон байхыг шаарддаггүй. Бүтэн жилийн туршид найман төрлийн хичээл үзээд юунд дуртай юунд дургүйгээ олж мэдсний дараа мэргэжлээ сонгоно гэдэг сайн шийдвэр гаргахад тустай. Би л гэхэд эхний улиралдаа үзсэн хичээлүүдээс эдийн засагт бага зэрэг сонирхолтойгоо мэдээд үргэлжлүүлж үзэхээр шийдсэн бол хэл шинжэлд сонирхолгүйгээ мэдэж үзэхээ больж байна. Цаашид төр засаг, олон улсын харилцаа, уран зохиол, компьютерийн хичээлүүд ямар байхыг үзэхээр төлөвлөж байгаа.
      Зөвхөн мэргэжлээ сонгож чадахгүй байгаа хүүхдүүд ч гэлтгүй аливаа чиглэлээр сурахаар шийдсэн хүүхдүүдэд ч Liberal Arts боловсрол тохиромжтой. Үнэхээр сонгосон чиглэлээрээ хичээлээ үзэхэд дуртай байвал хурдан гүнзгийрч болдог бол үзээд ирэнгүүт тийм ч их сонирхолгүйгээ мэдвэл чиглэлээ дорхноо өөрчилж болно. Үнэндээ ч ихэнх оюутнууд сургуульдаа орсон хойно төлөвлөж байснаасаа өөр чиглэлээр сурдаг. Инженер болно гэж байсан хүүхэд биологиор сурах, биологиор сурна гэж байсан хүүхэд эдийн засгаар явах нь элбэг.
       Америкад сурах нөгөө чухал шалтгаан бол дээр дурьдсан тэтгэлэг. Тэтгэлгийн тухай блог дээрээ би нэлээн бичсэн байгаа болохоор энд дахин бичээд яахав. Гэхдээ ямар ч байсан гадаадын оюутнуудад Америк шиг их тэтгэлэг өгдөг өөр газар байхгүй. Зөвхөн Харвард, Йэйл гэлтгүй Америкад гадны оюутнуудад тэтгэлэг сайн өгдөг сургуулиуд өчнөөн бий. Яг хэд гэдгийг нь мэдэхгүй ч тэтгэлэг маш сайн өгдөг сургууль зуу лавтай давна.
     Дэлхийн шилдэг боловсролыг мэргэжлээ зөв сонгоод, азтай байвал Монголын их сургуульд сурахаас ч бага зардлаар эзэмшинэ гэдэг асар том боломж. Ийм боломж байгааг ухаарсан дэлхийн орон бүр дахь хүүхдүүд Америкийн сургуулиуд руу хошуурцгааж, Хятад Солонгосууд бүр мянга мянгаараа очиж суралцаж байхад Монголын оюутнууд ч Америкийн шилдэг сургуулиудад олноороо сурвал сайхан.
14 сэтгэгдэлтэй