![]() |
Sony PRS-505 ном уншигч |
Ийнхүү хямдрах ном уншигчуудыг авах сонирхолтой хүмүүс ихсэнэ гэж бодоод, Монголд зарим нэг нь зарагдаж эхэлснийг нь харгалзан, бас ном уншигч гэж их хэрэгтэй эд байдгийг аль болох олон хүнд таниулахын тулд өөрийнхөө ном уншигч хэрэглэсэн жил гармын сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо. Sony-ийн PRS-505 гэдэг ном уншигч дээрээ би тавиад ном (бүгд үнэгүй!) уншаад байгаа бөгөөд одоо бол амьдралаа түүнгүйгээр төсөөлж ч чадахааргүй болжээ. Урьдны нийтлэл дээрээ бичсэнчлэн SAT-н Шүүмлжэн Унших хэсэгт баахан ном уншиж бэлдэхдээ уншигчийнхаа ачаар л дуртай номоо интернэтээс сонгож авч уншиж байлаа.
- E-ink буюу Э-бэх
Kindle-ийн үсгийн хэмжээний сонголт |
Ном уншигч гэж юу байдгийг анх сонсчихоод дээр нь зөвхөн ном л уншиж болдог юм байж яасан үнэтэй юм гэж бодох нь хүмүүсийн дунд элбэг. Компьютер, iPhone эсвэл iPad дээрээ ном уншаад болж байхад юунд хэрэгтэй юм гээд л. Тэгвэл сая дурьдсан бүх төхөөрөмжүүдийн дэлгэц нь гэрэл цацруулдаг тул нүдэнд их ачаалал өгдөг, удаан харж суун ном уншихад тохиромжгүй байдаг. Харин ном уншигчуудад ашиглагддаг E-ink буюу электрон бэх гэдэг технологи нь ердийн электрон төхөөрөмжийн дэлгэц шиг гэрэл цацруулдаггүй тул нүдэнд огт хоргүйн дээр үүсгэх дүрс нь хэвлэгдсэн сонингийн хуудас шиг л харагддаг юм. Тэгэхээр ном уншигч нь компьютер дээрээ олон цаг сууж юм уншдаг, эсвэл юм унших гэж байнга материалаа цаасан дээр хэвлэдэг хүмүүст их амар байна.
- Багтаамж
Электрон ном ойролцоогоор 500KB-1MB-ийн хэмжээтэй байхад ихэнх ном уншигчууд дор хаяж 500MB гарам багтаамжтай байдаг. Ер нь уншъя гэж бодсон бүх номоо дуртай газраа аваад явчиж болно гэсэн үг. Гэрийнхээ номын санг тэр чигээр нь халаасандаа хийгээд авч явж болно гээд ном уншигчийг сурталчлаад байдгийн учир тэр.