Элсэлтийн Ерөнхий Шалгалтын алдаа мадгууд
3:18 AM

Саяны хэдэн өнгөрөгч хоногуудад 40-өөд мянган шалгуулагчид Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгч бужигналдан ямар дээд сургуульд орохоо Боловсролын Үнэлгээний Төвөөр шийдүүлэх гэв. Тестийн арга нь их дээд сургуульд элсэгчдийг шалгаруулан авах барьцтай болоод түгээмэл арга боловч, шалгуулагчдын мэдлэгийг хэр үнэн зөвөөр шалгадаг нь олон улс даяар маргаантай асуудал байсаар ирсэн. Гадаад улс орнуудад эрдэмтэд тестийн асуултуудад өндөр шаардлага тавин, тэдгээрийгээ шинжлэх ухааны аргаар боловсруулаад байхад маргаан гардаг бол хичээл бүрийн шалгалтаас нь алдаанууд ундраад гараад байдаг Монголын элсэлтийн шалгалтыг бид юу гэх вэ? Алдаатай асуултуудаар бялхах энэ хэдэн цаас Монголын олон мянган төгсөгч хүүхдүүдийн ирээдүйг шийдэх эрхтэй юу?

Бусад хичээлүүдтэй харьцуулахад арай гайгүй мэддэг юм гэсэндээ Англи хэлний хичээлийн шалгалтыг, надад таарсан нь юм болохоор "С" вариантыг нь, толь бичиг, нэвтэрхий толиуд барьж байгаад нягталж үзэх гэж оролдов. Үүний үндсэн дээр долоон зүйлийн, нийт 22 онооны (шалгалт нь нийт 100 оноотой) жинтэй даалгаврыг алдаатай буюу зохимжгүй гэж үзэж болохоор байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Эдгээрээс хамгийн ноцтой алдаа нь шалгалтын сүүлийн ажил буюу жил бүр уламжлал болон ирдэг "графиктай" даалгавар дээр байна. Энд хүүхдүүд график дээрх мэдээлэлтэй танилцаад доор нь байгаа асуултуудад хариулах ёстой байдаг. Харамсалтай нь шалгалтыг зохиогч эрдэмтэн мэргэд маань шалгалтаа хар цагаан принтэрээр хэвлэдгээ мартсан бололтой юм. График дээрх бүх өгөгдлүүд нэг ижил саарал өнгөөр хэвлэгдчихсэн учраас энэхүү 10 онооны үнэ цэнэтэй чухал даалгавар ёстой л нэг "будаа" болж байна. Гэхдээ хүүхдүүд бид бас мөчөөгөө шууд өгсөнгүй; өгөгдсөн асуултууд, боломжит хариултуудыг нь ашиглан өнгөгүй графикаас өнгө гаргаж ирэхэд оюунаа дайчилсан. Бас бүтдэггүй шүү, яаж ч бодсон л зарим асуулт нь саарал графиктай таараад зарим нь таарахгүй байна. Эцэст нь шалгалт зохиогчдын бодлыг унших гэж оролдоод даалгаврыг орхив.

Ийнхүү шалгалт зохиогчдод итгэл алдарсан би шалгалтын бусад даалгавруудад хатуу сэтгэлээр хандаж, хөөрхийсүүд рүү хүйтэн харц хаялах боллоо. Бас болоогүй байжээ, энд тэндээс царай муутай алдаанууд, хоёр хариутай, эсвэл огт зөв хариугүй тахир дутуу асуултууд ярзайж байна. Эдгээрт хариулахдаа бас бүтээсэн хүмүүстэй нь телепатик аргаар холбогдох гэж оролдоод хариултын хуудсан дээрээ алсаас тархинд минь ирсэн хариугаа "буудаж" будаж тавилаа.

Англи хэлний "С" вариантаар Англи хэлний мэдлэгээ (бас шалгалт зохиогчдын бодлыг унших чадвараа) шалгуулсан миний сэтгэгдэл нэг ийм байна. Алдаатай гэж үзсэн асуултуудаа би нотолгоо, баримт юутай нь бүрдүүлээд БҮТ-д өгсөн байгаа. Миний бүрдүүлж өгсөн өргөдөлөрхүү гомдолтой танилцмаар байвал энд дараад татаад авч болно. БҮТ гомдолд минь хэр хурдан хариулахаас шалтгаалаад энэ блог дээрээ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар аль болохоор хурдан бичих болно.

PS. Өөр бусад хичээлийн материалууд дээр алдаа олсондоо өөртөө бүрэн итгэлтэй байгаа бол багш нартайгаа зөвлөлдөж байгаад гомдол бичээрэй. Элсэлтийн энэ шалгалтуудаас олон мянган хүүхдийн хувь заяа хамаарч байгаа билээ.

10 сэтгэгдэлтэй:

Enghebatu said...

За ямар ч л байсан чамд баяр хүргэхийн сацуугаар чамаар бахархаж байна.

Хамгийн гол нь энэ бүх алдааг БҮТ-д өгсөн чинь сайн байна. Би ч бас сая орж материалыг нь харлаа.

Үгсийн сангийн хэсгийн зургаадугаар асуултыг алдаа гэж үзэхгүй байж болох юм. "orange peel" нь зөв. "skinning"-г албаар ингэж төөрөгдүүлэх гэж оруулсан байх.

Бусад нь бол үнэхээр алдаа байна. Дээр чиний хэлснээр "Алдаатай асуултуудаар бялхах энэ хэдэн цаас Монголын олон мянган төгсөгч хүүхдүүдийн ирээдүйг шийдэх эрхтэй юу?" гэдэг л болж байна.

Боловсруулсан хүмүүс нь засч залруулах байх гэж найдъя.

Уламмандахын Билгүүн (Bilguun Ulammandakh) said...

За баярлалаа. :)

Эртээд нэг номон дээр "skinning oranges" гээд уншиж байсан болохоор нягталж үзэх гээд харсан чинь толь бичгүүдийн дагуу "orange skin" болон "skinning oranges" гэж хэлэхэд алдаагүй болох юм билээ. Угтаа "хальслах" "арилгах" "цэвэрлэх" гээд тавьчихаад аль нь зөв бэ гээд байгаатай ижил. Гэхдээ шалгалт зохиож байгаа хүмүүс нь "skinning"-г зөв байж болохыг мэдэлгүй нэг буруу хариултын нөхөөс болгох гэж л тавьсан байх л даа.

metamorphoser said...

тайлбартаач зөв дүгнэлт хийж, ер нь иймэрхүү байдлаар бүтээлч шүүмжлэл хийж байх, нөгөө тал нь ч үүнийг талархан хүлээж авах хэрэгтэй. Энэ блогийг байнга дагая байз

KAI said...

Үнэхээр чиний зөв байна шүү. Бэлдсэн өргөдлийг чинь уншилаа.

Гэгээний Алимаа эгчийн блогоос чиний блогийн талаар олж мэдлээ. Сайхан, үр өгөөжтэй блог нээжээ. Би мастерт сурах санаатай Жимат-д бэлдэж байгаа юмаа. Чиний блогоос унишиж, зөвлөгөө авах зүйл зөндөө байна. Боломж гарах бүртээ уншиж байнаа. Тэр бүр comment бичээд байж чадахгүй ч хэрэгтэй зүйлээ олж уншиж, аваад явдаг улсууд зөндөө байгаа шүү над шиг. Боломж гарахаар бичээд байгаарай.

Good luck!

Good luck

Unknown said...

Hey Bilguunee ingeed US giin college umu universtiy apply hiihed 9-11 angiin gerchilgee toefl,sat iin resultaas shaltgaalaad.
ELSELTIIN SHALGALT NTR heregtei umu?

Unknown said...

eronhiido ESH hereggu zde?

Уламмандахын Билгүүн (Bilguun Ulammandakh) said...

Anar-д,
9-11-н дүнгүүд, TOEFL, SAT хэрэгтэй. ЭЕШ-н дүн хамаагүй.

munkhgal_ugsaatan said...

Зөв юм бичжээ. татаад авчлаа үзнэдээ хэхэ.
Ийм гоё үнэхээр бүтээлч хэрэгтэй юм хийсэнд баярлалаа

Anonymous said...

Монголын бүх оюутан сурагчид чам шиг ийм ухаантай, сэргэлэн, зөв хүмүүжилтэй, сурах хүсэл эрмэлзэлтэй байгаасай :) Ямар ч гэсэн манай доод үеийн хүүхдүүд илүү ухаантай байгаад баярлаж байна. Улам их амжилт хүсье, эрдэм мэдлэгээ сайн түгээгээрэй

Anonymous said...

амжилт

Post a Comment